Thursday, June 22, 2017

Хувь тавилансаг хүн

... Худал үнэн л орших энэ хорвоод гишгэсэн мөр бүхэн минь минийх биш түүнийх. Худал байсан минь ч түүнээс л болсон, үнэн байсан бол тэр л тийм шийд гаргасан. Тэгээд л би дагасан. Тэр л миний өмнөөс сонголтыг хийж, тэр л миний ч хүслийг харгалзалгүй өөрийн дураар алхаж, өөрийн зоргоор аашилдаг. Учирч, уярч дэвэрсэн, зүүд шиг өдөр хоногуудыг минь тэр уйтгар гунигаар сольж байсан. Зүрхээ өгч, зүг зүг рүү дүүлж явахад минь тэр жигүүрийг минь тасдаж, шаналгаж байсан. Залуу халуун нас аа гэж онгирч явахад минь замыг минь тэр чиглүүлж, заяа төөрөг гээд надад тушаасан. Гэхдээ бас алдаж явахад засаж байсан, алгасах гэж байхад учруулж, унахад түшиж, уруудахад татаж явсаан тэр минь.
Хамаг учир надад биш ээ, түүнд л байгаа юм. Би чамаас урваагүй, бие сэтгэл минь түүнийх болохоор үнэндээ надад сонголт байгаагүй. Угаасаа надад хэзээ ч сонголт байдаггүй. Би чамайг орхисон бол угаасаа л тэгэх ёстой байсан гэсэн үг. Үүрдийнх биш зуурдынх байсан бол угаасаа тийм л учрал байсан гэсэн үг.
Хамгийн гэгээлэг, хамгийн их хүссэн зүйлийг минь тэр  мөрөөдөл болгоод сэтгэлд минь л орхичихсон. Тэгсэн хэрнээ хэзээ ч зүүдэлж байгаагүй, төсөөлж байгаагүй тэр үл анзаарагдах хэрнээ хамгийн дулаахан мэдрэмжийг надад өгсөн. Магадгүй заримыг нь авсныхаа хариуд заримыг нь өгч, өөрөөс нь урвахгүй байх итгэл өгдөг байх хөөрхий.
Алдсан бол түүний л буруу, оносон бол түүний л гавьяа. Хэн нэгнийг орхиж, хэн нэгнийг сонгосон бол бас л түүний л хийсэн хэрэг. Болох ёстой зүйл болдгоороо л болж, болох ёсгүй бол болохгүйгээрээ л үлдэж байгаа. Бие сэтгэл минь минийх биш түүнийх... Би тэр чигээрээ түүнийх... Хувь тавьлангийнх.

Monday, June 19, 2017

Бүдэг бадагхан амьдралд
Бүдчин байн гишгэхийн
Яг хаана нь утга учир байна вэ
Яг тэнд нэг очих юм сан...
Заримдаа нулимсаар дэр хийж
Заримдаа харамслаар зүүд хийж
Заримдаа ганцаардлаар хань хийж
Заримдаа хайраар л шалтаг хийж...
Би ч гэсэн хүн юм хойно
Бусдын л адил шархалдаг
Буцалж дэвэрсэн тэр их инээдэн дунд
Байнга үнэн оршдоггүй ээ
Бүгдий нь нирхийтэл нулимчих гэхээр
Бусдын сэтгэлээс чих нь илүү урт юм
Бүхнээ уутлаад мэлмэртэл асгачих гэхээр
Бусдын мөрнөөс ам нь илүү ойр юм
Хэлэх гэхээр дэлсэлдэг
Хэлэхгүй байхаар эмтэрдэг
Хайрлах гэхээр холддог
Холдох гэхээр ойтдог
Хачин энэ хорвоод
Хаана нь яаж би амьдрах юм бэ

Friday, April 15, 2016

Хайр дандаа жаргалтай байдаггүй юм билээ

Мөнхийн сэдэв минь хайр байлаа
Мөрөөдөл дундаа хөлчүүрхэн
Мөр холбох бүрдээ хайрыг л магтан
Мөдхөндөө хэмээн догдолдог байлаа
Гал халуун дурлалын романсын
Ганц ч хормыг алдалгүй шимтэн
Гагц иймтэй л учрахсан гээд
Галзуурсан мэт шунадаг байлаа
Гайхалтай, бүр дэндүү төгс
Амттай, бүр дэндүү нялуун
Аз жаргал, баяр хөөр л мэдэрдэг
Яг тийм л гэж боддог байлаа...
Зүрх догдолж, зүсэнд дурлаж
Харц хувирч, халамжинд дасаж
Яасан ч дуусдаггүй юм,
Сэтгэлээ хэд хэд тарааж
Янз янзын “хайртай”-д
Татагдаж, тэмүүлж, талимаарч үзлээ...
Гэтэл...
Хайр хөрдөг юм билээ
Хайртай л гэсэн бол үүрдийн хугацаатай
Үнэнч сэтгэлтэй, үргэлжийн жаргалтай
Байдаггүй юм билээ
Хагацаж бас мартагдаж
Хагдарч бас дэлгэрч
Хавар хаврын ааль шиг
Хувьсаж өөрчлөгддөг юм билээ
Шөнөжин унтуулахгүй догдлуулж
Өдөржин инээмсэглэл бэлэглэн жаргаадаг ч
Өөр нэг өдөр чийгт дэртэй үүр цайлгаж
Өр зүрх сэмрээн шаналгадаг юм билээ
Дурлалын балаар цангахад
Дээрээс нэвт асгарч цутгачихаад
Цус амтагттал шаналж,
Цээжээ цохин бахирахад
Нулимстай минь хамт урсаад
Цамцан дээр минь шингэчихэж билээ
Хайр чи!
...

Хайр дандаа жаргалтай байдаггүй юм билээ

Friday, December 18, 2015

Гэргийн зурвас

Нөхөдтэйгөө наргиж цэнгэхийг чинь хорьсондоо
Нэхэл дагал болоогүй ээ, хонгор минь
Чамдаа л гээд хоолоо хийчихээд, халаан барин
Хаалга манан сууж байгаагаа л сануулах гэсэн юм
Ханилна аа гээд аав ээжийн эрх охин
Ганцхан чамд л амьдралаа даатгаад
Гараас чинь атгаад явсан атлаа
Ганцаараа ханьгүй хөнжилдөө жиндэн
Харуулдан суугааг л мэдүүлэх гэсэн юм.
Аашилж уурлан, аяг нь дэндсэндээ
Айлын бүсгүйтэй хардаагүй ээ, хайрт минь
Амласан амлалт, зүүсэн бөгжөө
Ааль нь дэндсэн зальтханд
Алдчих вий гэж айсандаа л харамлах гэсэн юм
Итгэнэ ээ гэсэн үгнээсээ буцсан юм биш ээ
Эргэн тойронд чинь эргэлдэх бүхнээс
Нэг ч эмэгтэйд нь
Итгэж үл чадахаа л ойлгуулах гэсэн юм.
Хайргүй болоод залхсандаа хэзээ л бол хэзээ
Хэрүүл хайж үг ээрэх гээгүй ээ, хань минь
Хэлж чадахааргүй гомдол, гаргаж чадахааргүй нулимс
Хааяа нэг тохиодог болохоор
Хажууд минь байгаад тэврээсэй гэсэндээ л
Хатуу үгийг хэлэн барин тайвшрах гэсэн юм
Өөдөсхөн жаахан гэргийд тань
Өөрөөс чинь өөр түшиг үгүй гээд
Өр зүрхнийхээ бүхий л гунигийг
Өөртэй чинь хуваалцахыг зөвшөөрөөсэй гэсэн юм.
Насан туршдаа хайрлана гээд эргэлт буцалтгүй шийдсэн
Нартад ганц л байх эхнэр чинь би байна
Надаас өөрийг хайрлахгүй гээд залуу насаар минь гоёсон
Наддаа л ганц нөхөр минь чи байна
Хамаг бүхнээ чамд зориулж, сэтгэлээ бэлэглэх
Ээжийн чинь үргэлжлэл би байна
Халамж хайраар намайг усалж, хамгаалж явах
Аавын минь үргэлжлэл чи байна!

Monday, July 13, 2015

Би араатныг хайрласан

Би араатныг хайрласан...
Хайрлах хүсэлгүй
Харамлах сэтгэлгүй
Хүйтэн цэвдэг
Хүн дүрст араатныг хайрласан.
Хэзээ ч хамаагүй надаас холдож мэднэ
Хэзээ ч учирч байгаагүй мэт одож мэднэ
Гэхдээ хайртай гэж надад хэлнэ
Хамаг зүрх сэтгэлээрээ тэр үгэнд л итгэнэ.
Хэлэх авч мэдрүүлдэггүй
Ирэх авч үлддэггүй
Инээмсэглэлд минь хорогдсон
Итгэлд минь нуугдсан
Энгийн нэг биш
Төгс төгөлдөр араатныг хайрласан.
Гэхдээ...
Түүний хүйтэн урууланд би дулаацдаг
Түүний хүйтэн зүрхэнд инээмсэглэлээ би хуваалцдаг
Түүний хүйтэн тэврэлтэнд бие минь бүлээсдэг
Түүний л гэх хүйтэн бүхэнд би тэр чигээрээ уусдаг.
Яасан их хайраар чамайг хайрлаа вэ
Яалт ч үгүй л харамлаад байх юм
Яаж ч болохгүй сэтгэл юм даа,
Яасан их чамдаа би дасаа вэ
Яалт ч үгүй л хоргoдоод байх юм
Яаж ч дундрахгүй итгэл юм даа.
Араатанд дурласандаа жаргалыг мэдрэх боловч
Тэр жаргал нүднээс минь урсахдаа
Хацрыг минь сийчин зорох болно
Хайрласан зүрхийг минь зүсэж орхино.
Юутай их баяслан бэ
Асар их хайр минь түүнийх,
Юутай их хяслан бэ
Аймаар их хайр минь араатных...
Хайрласаар байна
Хатгаж шаналгаж
Хэзээ мөдхөн хазах байсан ч
Хамаагүй би хайрласаар байх болно!
Араатныг хайрласан хүн миний
Эцсийн шийдвэр энэ байна
Айдас дагуулсан араатан чиний
Эцсийн зоог чинь би байя...

Sunday, July 5, 2015

Хайрлахуйн үгс

Ялдамхан мишээл минь зүрхээр чинь наадаад
Янаг хайрын үгсийг сэтгэлд чинь хадна
Эрхэлж ядсан хонгорхон аалинд уягдаад
Инээвхийлэн наддаа улам хорогдоно.
Зөөлөн уруул чинь зүрх гижигдэхүйд
Зөвхөн чи л дуулж чадах
Тэр дуу би болдог
Дулаахан гар чинь сэтгэл тэмтрэхүйд
Дурлалт чи минь л тоглож чадах
Тэр хөгжим би болдог.
Харц булаасан нүдэнд чинь
Хамаг бүхнээрээ би шингэн уусчихдаг
Хайлан хайлан, харан харан үл ханаад
Хамаг бүхнээрээ чамдаа би дурлачихдаг.
Биендээ хорогдох хос зүрх
Битүүхэн атаархал чимээгүй зөрөх
Намуухан аяз шиг биесдээн эгшиглэн
Яг тэндээ цаг хугацааг зогсоох шиг.
Яая даа, чамайгаа...
Яасан их хайр вэ
Яах вэ, хоёулаа
Ямар сайхан учрал вэ.

Thursday, August 14, 2014

(no name) ***

Гэнэт гарч ирж
Гэгэлзүүлж
Эргэлзүүлж
Бараг дурлуулж
Бантан хутгуулж
Бүрэн урвуулж
Бүр хайлуулж
Баахан догдлуулж
Наахан төөрүүлж
Ноолон эрхлүүлж
Хоосон тэвдүүлж
Халуун тэврүүлж
Холдон одож
Хөнгөн бодож
Олон алдаж
Огт халдаж
Сэтгэл галдаж
Сэрүү авч
Ойрхон алдарч
Оргүй замхарч...

(танихгүй танил, дурлаагүй дурлалтад)

Харц тулсан ч  Харцаа буруулна Харах л гэж хүлээж хүлээчхээд Хармаар байдаг хүслээ нууна.. Хэцүү байдгийг мэдэх үү Хөтөлмөөр байвч шүргэх ч ...