Tuesday, July 23, 2013

Гэнэт л... Гунигтай...



Гэнэт л...
Бүр гэв гэнэт л...
Нэг л тийм гунигтай.
Гэгэлзээд байгаа юм болов уу
Гэтэл юунд тэр юм бол...
Мартагдсан гунигт дурсамж руу өнгийснөөс
Магад болсон байх
Мартагдсан тэр хайраа
Магад сая санасан байх.
Сэтгэл дундуур минь зүсээд гарсан
Сэртэс хийлгэн сэмлээд өнгөрсөн
Тэр л хүнийг, тэр л хайрыг
Тэрлэж орхисон шүлэгнүүдээсээ би харлаа.
Би дөнгөж сая харлаа
Өөрөө ч мэдэлгүй мартчихсан байсан зүйлсээ
Өнгөцхөөн нэг харлаа
Бас саналаа...
Гар минь чичирч
Сэтгэл минь хөндүүрлэж
Галзууртлаа хайрладаг байсан өдрүүдээ
Гагц сая бүгдий нь дурслаа...
Эвий дээ, яасан ч өрөвдөлтэй юм
Эргээд харахад инээх зүйл
Өөрийн минь л догдолсон сэтгэл байх юм
Өнөөх хүн нь огт харагдахгүй юм
Удаан биш ч богиногүй хугацаанд
Цор ганцаараа л амьдарсан байх юм
Ядаж нэг удаа ч болов хоёулаа байсан бол
Яалт ч үгүй би баярлахсан...
Гэхдээ
Тэр үедээ нэг очлоо
Тэгээд дараа нь нэг бодохнээ
Дэврүүн бодол биш
Дэндүү ихээр хайрласан сэтгэл байж
Хэдий ганцаараа байсан ч гэсэн
Хэнээс ч илүүтэй жаргалтай байж...
Гэтэл...
Санаа алдахад тэр жаргал минь сарничихлаа
Санаад урсдаг нулимс минь мэдрэгдлээ
Гэнэт л...
Бүр гэв гэнэт л...
Нэг л тийм гунигтай.

Saturday, July 6, 2013

Дөрвөн мөртүүд

Санаандгүй чамтай анх таарсан
Санамсаргүй чамд би дурлачихсан
Сандран байн уулзсан ч явчихсан
Салж яваад л чамайг би санасан.

Анхны учрал – намуухан эргэлт
Анхны догдлол – дулаахан тэврэлт
Анхны харц – сайхан дуулал
Анхны уулзалт – ариухан дурлал

Өөрөө ч мэдэлгүй чамайг хайгаад байна
Өөр бусдаас ч бас харамлаад байна
Өөдөөс чинь харахаар догдлоод байна
Өдөржин анхны учрал бодогдоод байна.

Хараал идсэн чиний хэлсэн үг хайртай
Харин одоо цээжинд хөндүүрлэнэ лайтай
Хар дарсан сайхан зүүд байгаасай
Харамсалтай нь одоо ч чамайг хайгаастай.

Чамайг бодохоор л инээд хүрээд
Чамтай байхад л итгэл төрөөд
Чамайг л гэхээр хайр хүрээд
Чамд би дурлаж байх шиг байна.

Байгаагаараа байхад чинь л би дуртай
Бусдаас бас харамлах хандтай
Буруу бүхнийг чинь уучлах аястай
Бүхнийг умартуулан хэлэх үг чинь хайртай.

Зүгээр байхад л чи бодогдоод байх юм
Зүрх минь хурдан цохилно, дурласан юм болов уу
Зөвхөн чамтай байхыг хүсээд байх юм
Зөрөхдөө араас чинь харна, хорогдсон юм болов уу.

Уурлуулчхаад өөдөөс минь хараад инээдэг, чи тэнэг
Уруул дээр үнсээгүй гээд гомдоллодог, чи тэнэг
Хайртай гэж хэлчхээд найзаа гэдэг, тэнэг
Хайртай байхад минь найзаа гэж боддог, чи тэнэг.

НуЛиМс (TeArS)

       
           Нулимс гэж юу вэ гээд надаас асуувал би “СЭТГЭЛ” гэж ганцхан үг хэлнэ. Амьдралд дэндүү олон сайн муу тохиодог, түүнийг бүх хүн амсдаг. Сэтгэл гэдэг эмзэгхэн хэсэгтээ багтааж ядсан мэдрэмжүүдээ нулимсаараа гаргадаг нь хүмүүний араншин байх.  Тийм ч болохоор хүний сэтгэлийн дээд илэрхийлэл нулимс мэт.  Гэхдээ хэзээ тэр урсаж, хацрыг минь чийглэдэг билээ... Зүрх шимширмээр өрөвдөлтэй түүх кинон дээрээс хараад өөрт минь тохиосон юм шиг дотор минь ямар нэг эмзэгхэн зүйл мэдрэгдэх тэр агшинд уу? Орчлонтой дөнгөж мэндэлсэн бяцхан үрийнхээ чарлахыг сонсох тэр мөчид үү? Энэ амьдралд минь өөрөөс минь ч илүү үнэ цэнээр үнэлэгдэх хайртай хүн минь зүгий нь мэдэхгүй зам руу явж, хорвоо мөнх бус гэдгийг харуулах үед үү?
Дотор байгаа хэцүү бүхнээ тэсч ядан байхад нүднээс урсах тэр зүйл л өөртэйгөө хамт зовлон шаналалыг бага ч болов гаргаж, хар бараанд цөхөрсөн сэтгэлд бүдэгхэн гэрэл тусгах мэт, тийм нандин мэдрэмжийг төрүүлдэг нь дэндүү гайхалтай. Заримдаа сэтгэл дэх их хайраа ч нулимс болгон гаргадаг. Өөдөөс нь хараад хэлж зүрхлээгүй тэр халуун дулаан хайрын үгсийг хэсэгхэн хормын төдийд нүднээсээ урсган илэрхийлнэ. Баяр жаргалын дээд цэгийг мэдрэн, омогшиж бардамнах бөөн их хөөрлийг ч бас ховорхон урсгах нь байдаг.. Хааяадаа бас санаатай, санаагүй бодлогогүй үйлдэлд тунин гомдож нэг мэлмэрүүлнэ. Ингээд бодохоор “нулимс” хэмээх шорвогдуу бүлээн зүйл заримдаа хүйтнээр урсаж, зүрх зүсдэг, заримдаа хүний сэтгэлийн илэрлийг харуулж, дулаанаар мэдрэгддэг нь заримдаа чухам юу юм бол гэх бодлыг бүр ч төөрөгдүүлнэ. Ганцхан л тодорхой зүйл бол тэр “Үнэ цэнэтэй”. Учир нь зөрөөд  өнгөрөх танихгүй бүсгүйн төлөө урсдаггүй, зүгээр нэг байж байхад гарчихдаггүй, хэзээ ч өмнө нь муугаа үзүүлж болохгүй атаат дайсны нүдэн дээр бол бүр ч үгүй. Зүрх сэтгэлд минь багтах нандин зүйлсээс л шалтгаалдаг болохоор... Хүний хэлж чадаагүй үгс бол нулимс. Унагасан нулимс бүрийн цаана нууцлагдсан бас нэгэн нууц оршино.

Хацар дээгүүр урсах нулимсаас гадна сэтгэлээр дотогшоогоо урсдаг нулимс бас байдаг. Нэгэн хаан боол болсон охин, цаазлуулахаар яваа хүүгээ хараад дусал ч нулимс гаргаагүй хэрнээ олзлогдсон албатуудаа хараад уйлсан гэдэг. Албатуудаа хараад уйлсан учрыг сонсвоос энэ бол нулимс болон гарахуйц харуусал байсан, харин хүү охин хоёроо хараад мэдэрсэн тэр их уй гашууг яаж гадагш гаргахаа мэдэхгүй байсан гэдэг. Хэцүү хэцүү гэхэд дэндүү хэцүү сэтгэлийн зовлон дотроос шаналган тарчлаах тийм л үед нулимс гадагшаа ч үл гарч чадан, дотогшоо урсдаг юм болов уу. Магадгүй сэтгэл зүрхээр нулимс урсахад хацар хайрахаас илүү ихээр дааруулдаг байх. Тийм ч болохоор илүү үнэтэй...
Сэтгэл хөдлөлөө нулимсаар илэрхийлдэг цор ганц амьтан бол хүн гэдэг. Хүний амьдрал дардан байдаггүй, тэгэхээр түүнийг хааяа ч болов мартуулаг гэж нулимс байдаг юм болов уу. Эсвэл баяр, гунигийн алийг ч үгээрээ биш сэтгэлээрээ гарга гэж, хэцүү зүйл тохиовол хүссэнээрээ уйлж тайвшраг гэж, хэн нэгэнд гомдвол хамтад нь урсгаад мартаг гэж, хайртай бүхнийхээ төлөө хааяа нэг уйлаг гэж хатуу зөөлөн хослон, жаргал зовлон ээлжлэх энэ орчлонд “нулимс” гэгч байдаг юм болов уу...

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...