Thursday, August 14, 2014

(no name) ***

Гэнэт гарч ирж
Гэгэлзүүлж
Эргэлзүүлж
Бараг дурлуулж
Бантан хутгуулж
Бүрэн урвуулж
Бүр хайлуулж
Баахан догдлуулж
Наахан төөрүүлж
Ноолон эрхлүүлж
Хоосон тэвдүүлж
Халуун тэврүүлж
Холдон одож
Хөнгөн бодож
Олон алдаж
Огт халдаж
Сэтгэл галдаж
Сэрүү авч
Ойрхон алдарч
Оргүй замхарч...

(танихгүй танил, дурлаагүй дурлалтад)

Thursday, August 7, 2014

Мэдрүүлээгүй хоосонг мэдэрсэнд уучил

Бие сэтгэл минь тэр чигээрээ хоосон
Бүр бүгд хоосон...
Инээмсэглэх царайны цаана ч
Ихэмсэг төрхийн ард ч
Догдлох дурлалын сэтгэлд ч
Дорхноо баярлах хөөрөлд ч
Гагцхүү хоосон л байгаад байна
Гарнаас минь атгачихаад холдохгүй байна
Гав дөнгө мэт салахгүй байна
Гарцаагүй тэр л мэдрэмж
Бүхэл биеэр минь мэдрэгдээд байна
Бүрмөсөн намайг эзэмдээд байна.
Хонгор аалинд минь
Халуун хайранд минь
Хөнгөн инээдэнд минь
Хөврөх амьдралд минь
Хоосон л ноёрхож
Хамаг сайхан бүхнийг минь
Ховх сорох шиг болоход
Би гунигламаар
Бүр уйлмаар...
Ийм мэдрэмж төрөх бүрд
Эргэн тойрныхноосоо уучлалт гуймаар...

Friday, June 27, 2014

Нээх сайхан болзох юм сан

Нээх сайхан болзох юм сан...
Өглөө эртлэн босоод
Үд хүртэл толь эргүүлэн
Үсээ янз янзаар самнаж
Өмсөх хувцсаа сонгох гэж
Өрөөгөөрөө дүүрэн дэлгэчихээд
Өмсөх хувцасгүйгээ гайхаж
Өөр хэн нэгэнд биш
Өөртөө л таалагдах гэж
Өдрийн талыг бараад л...
Нээх сайхан болзох юм сан
Уруулаа харц булаам
Ялдамхан өнгөлөөд
Ув улаан биш ягаахан болгоод
Нүд алдам будалт биш
Нүдэнд дулаахан байхаар
Нүцгэн шахуу хүүхэн биш
Нүл эгдүүрсэн охин байхаар...
Бодлууд түмээрээ эргэлдэж
Болзооны эзэнд л таалагдах гэж
Биеэн бэлтгээд...
Зүрхэндээ жижигхээн догдлолтой
Зөрсөн бүхэнд нууцхан мишээлтэй
Зүгээр л энгийн хэрнээ
Зөвхөн надад төгс байхаар
Нээх сайхан болзох юм сан...

Sunday, February 9, 2014

Цагаа олоогүй хайр

Нэгхэн жил...
Нэгхээн жилийн өмнө...
Нэрийг чинь л мэдэх төдий байсан
Нэг л мэдэхэд харин
Нэвт уншиж ч чадахаар болчихож
Нэлээдгүй дурсамжийг бий болгочихож.
Найз минь, санаж байна уу?
Надтай анх учирсанаа
Нандин бас нууцхан ертөнц
Намайг л гэдэг тэр сэтгэл...
Авч өгсөн амттан бүхний чинь
Амтыг нь мэддэггүй байж
Одоо харин яг адилыг амсавч
Огт өөр байна
Харцандаа шингээж сэтгэлдээ хадгалсан
Хайрыг чинь анзаардаггүй байж
Одоо бас л хаанаас чинь ч хайгаад
Олохгүй байна.
Хайрт минь, санаж байна уу?
Хамт байсан хэдхэн хормыг
Хайнга боосон үс, даарсан гар
Халааснаасаа гаргасан нялуун шоколад
Харан харан, хорогдон хорогдон
Харамлан байж явуулсан тэр үдэш...
Хоёр тийшээ салан алхсан боловч
Хорвоо дахиад биднийг учруулсан
Хувь тавиланд би итгэсэн
Хувирашгүй хайрыг би мэдэрсэн
Гэхдээ
Төрж үхэхээс бусад нь хэдэнтээ хувирдэг юм билээ
Төөрч холдсон хайр нэгэнтээ хуучирдаг юм билээ.
Тас харанхуйд ганцаараа
Чимээ гарсан зүгт гараа сунган
Чамайгаа хайгаад
Там байсан ч хамаагүй
Чинийхээ л байгаа газар луу
Чин сэтгэлээсээ тэмүүлээд...
Би олоогүй ээ!
Намайг гэх хайрыг чинь байтугай
Чамайг, өөрийг чинь ч олоогүй...
Надад бичсэн шүлэгнүүдийг чинь хайрладаг
Нандин гэгч нь дэвтэртээ би буулгадаг
Надаас явсныг чинь бодох бүрдээ уншдаг
Нарт хорвоод тавилангүйдээ харуусдаг.
Хэн хэндээ хайртай ч
Хоёр тийшээ салдаг хүмүүсийг би
Хэзээ ч ойлгодоггүй байсан
Хэн хэнээ хайрласан ч
Цугтаа биш ээ, тусдаа алхах
Цагаа олоогүй хайр байсан.

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...