Friday, November 23, 2012

Одоо Би Хайргүй


Өөрөөсөө ч илүү хайртай байснаа мартчихаж
Өөрийг чинь бас хайдаг байснаа ч больчихож
Юугаар ч солихгүй гэдэг сэтгэл минь хөрчихөж
Юутай ч харьцуулахгүй гэдэг итгэл минь цөхөрчихөж
Чамайг л бодохоор инээмсэглэдэг байсан, одоо үгүй
Чамайг л санахаар эмтэрдэг байсан, одоо үгүй
Чамайг л харахаар догдолдог байсан, одоо үгүй
Чамайг л гэхээр үхдэг байсан, одоо үгүй
Зүүдэнд ирсэн ч сэрээд би нүдэндээ нулимсгүй
Зурвасхан чи бодогдсон ч инээгээд би гуниггүй
Зөрөөд өнгөрсөн ч дараа нь би мартаад гомдлолгүй
Зуурдхан биш удаан хайрласан ч одоо би хайргүй.

Sunday, July 8, 2012

Би "Худалч"



Би зоригтой гэдэг мөртлөө
Тас харанхуйд байхаас айдаг
Би бардам гэдэг мөртлөө
Дан хайрын өмнө өвдөг сөхөрдөг
Би ганцаараа байх дуртай гэдэг ч
Ганцаардалд автахаас үхтэлээ айдаг
Би аз жаргалтай байна гэдэг ч
Гагцхүү түүнийг л байнга хайдаг
Би үхмээр байна гэж хэлдэг ч
Үнэндээ амьдралд дэндүү хайртай
Би өчигдөр үзэн ядлаа гэдэг ч
Өнөөдөр болоход мартдаг гайтай
Би итгэл дүүрэн инээмсэглэдэг ч
Эргэж хараад нулимсаа арчдаг
Би эхлэл бүхэн төгсгөлтэй гэдэг ч
Эцэс нь ирэхэд эвлэрэхгүй аашилдаг
Би үнэн үгээр зэвсэглэн
Худал хуурмагаа далдлах “худалч”
Би үхэн үхэтлээ зөрчилдөн
Өөртэйгөө дайсагнах “тэмцэгч”.


Saturday, June 30, 2012

Яг одооноос...



Дусал нулимсныхаа хамт
Дурлалын түүхээ эцэслье
Дундуурхан сэтгэлээ дүүргэн
Дуу аялан алхлъя.
Уруулаа будан
Даашинзаа өмсөөд
Урагш харан
Бардам байя
Өнгөрснийг дурсамж болгоод
Өнөөдөр шинээр эхлье
Өчигдрийг сургамж гээд
Өөдрөгөөр ирээдүй рүү алхъя.
Амттайхнаар дурлая
Яг анхных шигээ
Аз жаргалтайгаар инээмсэглэе
Яг урьдных шигээ.

Tuesday, April 10, 2012

Чи надад хайртай юм шиг хайргүй байхад Би чамд хайргүй юм шиг хайртай байсан



Чи намайг чагнадаг юм шиг сонсдоггүй байхад
Би чамайг сонсдоггүй юм шиг чагнадаг байсан
Чи намайг ширтдэг юм шиг хардаггүй байхад
Би чамайг хардаггүй юм шиг ширтдэг байсан
Чи намайг санасан юм шиг залгадаг байхад
Би дургүй юм шиг чимээгүй догдолдог байсан
Чи надад сайн юм шиг харьцдаг байхад
Би тоодоггүй юм шиг дотроо баярладаг байсан
Чи зүгээр л надтай ярьж байхад
Би зүрх сэтгэлээрээ сонсдог байсан
Чи зөвхөн найзаар намайг хардаг байхад
Би зүүдэндээ хүртэл хайрладаг байсан
Чи намайг боддог юм шиг үгүйлдэггүй байхад
Би чамайг үгүйлдэггүй юм шиг боддог байсан
Чи намайг хүлээдэг юм шиг аашилдаг байхад
Би чамайг аашилдаг юм шиг хүлээдэг байсан
Чи надад халамжтай юм шиг хамаагүй байхад
Би чамд хамаагүй юм шиг халамжтай байсан
Чи надад хайртай юм шиг хайргүй байхад
Би чамд хайргүй юм шиг хайртай байсан.

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...