Monday, August 27, 2018

Хайрын чинь илэрхийлэл гээд өгсөн цэцэг чинь өргөстэй байсан
Хайр ийм л байдаг юм байх гээд өвдсөн ч би зөндөө тэссэн

Thursday, August 16, 2018

Анх над руу харахдаа 
Юу шивнэсэн юм бүү мэд
Би тэр харцанд ховстуулчихсан 
Хамаг бүхнээ умартаад
Түүн рүү зөөлхөн алхсан
Юу ч бодолгүй
Юунд ч санаа зоволгүй..
Алгуурхан дөхөж явахад минь
Аль хэдийн тэр хажууд ирчихсэн байсан
Гараас минь гэнэтхэн атгаад
Мэдэхгүй ээ
Дулаахан бас дахин дулаахан
Дурламаар, шунамаар тийм мэдрэмж..
Яг үнэндээ би цаашаа санахгүй нь
Ямар жаргалтай инээж байснаа л санаж байна
Яг үнэндээ тэр мөчөөс бусдыг нь санамааргүй 
Яг тэр л инээдэнд 
Цаг хугацааг чамтай хамт үлдээмээр байна. 

Thursday, May 24, 2018

Чи хүрч чаддагүй алс
Хүсч ханадаггүй мөрөөс
Үргэж зүрхэлдэггүй ховс
 Үхтэл согтоодог дарс






Одоо л энэ гараас тавьчихвал
Үүрд надаас явчих юм шиг эмзэгхэн
Одод сартай хуувилдаж аваачаад
Үүр цайхад сарничих мэт зуурдхан
Ондоо цагт учирвал
Өнгөрөөд л зөрөх тийм хуурамчхан
Одоод л байх, мэдрэх, дурлах
Үлгэр шиг, зураг шиг, гэгээхэн...

Saturday, April 21, 2018

Мартах ёстой мартмааргүй...


Өнөөдөр өнөөдөртөө л дуусах учраас
Өөрийг чинь би удаан ширтсэн
Өөр бусдыг бүгдий нь мартаад цоо ширтсэн
Зүрхээрээ зүрхийг чинь мэдэрч ширтсэн
Зүгээр л дараа нь мартахгүй шүү гэсэндээ
Зуурдынх биш 
Сэтгэлдээ ч болов үүрдийнх байлгах гээд
Зөндөө гэгч нь чамайгаа ширтсэн...
Яг тэр харцыг мартахгүйгээр
Мянган шөнө зүүдлэх гэсэндээ
Сэтгэлдээ удаанаар сийлбэрлэж
Гүний гүнд хадгалсан..
Яг тэр уруулын амтыг 
Мянган удаа дурсах гэсэндээ
Сэтгэлдээ удаанаар амталж
Гүнгийгээс гүнзгий шунасан...
Яг тэр мэдрэмжийг мартахгүйгээр
Мянган удаа нүдээ аниад мэдрэх гэсэндээ
Сэтгэлдээ яруухнаар шингээж
Бодолдоо дахин дахин буулгасан..

Monday, April 9, 2018

Хайранд хязгаар байдаг гэвэл
Тэнд, чи л байгаасай
Тэрнээс цааш юу ч үгүй байгаасай
Эхлэл нь хамаагүй
Өрнөл ч хамаагүй
Эцэс нь л чи байгаасай
Хамгийн сүүлчийн хайраа
Хав хархан нүдэн дээр чинь 
Халуун дулаахан сэтгэлд чинь
Хамгаас зөөлөн энгэрт чинь
Тэр чигт нь асгачхаад
Тэртээ алсруу одох юм сан
Тэнд л чи байна гэвэл
Тэнд хайраа хязгаарлах юм сан...

Tuesday, April 3, 2018

Нэгэн цагт чиний агаараар амьсгалж
Чиний зүсээр гоодож
Чиний зүгээр алхаж
Чиний л үгээр нисч явсаан..
Сэтгэлд юутай тодхон..
Харин одоо миний сэтгэлээр дутаж
Миний хайраар мөрөөсөж
Миний халамжаар цангаж
Миний л өнгөрснийг хайж явна уу..
Сэтгэлд чинь юутай харамсал..
Чанад тийшээ
Чам руу миний
Зүрх тэмүүлнэ
Зүүд тэмүүлнэ
Сэтгэл тэмүүлнэ
Итгэл тэмүүлнэ
Хүсэл тэмүүлнэ
Мөрөөдөл тэмүүлнэ
Бодол тэмүүлнэ
Бие ч тэмүүлнэ
Би өөрөө л эс тэмүүлнэ!

Monday, April 2, 2018

Нэг л өдөр чамайг бүр мартсан байх вий
Нэрийг чинь хүртэл нэхдэг байсан зүрх
Нэг л мэдэхэд урвасан байх вий
Нэхэл болоод ч эргэхгүй байх вий
Нялхарч уярхаа мартсан байх вий
Нисч дүүлэхээ ч болисон байх вий
Нимгэрч сэмрээд гундсан байх вий
Нээрээ чамаас бүр явсан байх вий..

Сул тал минь чи шүү дээ

‪Сул тал минь чи шүү дээ‬
‪Сөхөрч үзээгүй бардамнал‬
‪Чиний өмнө асгардаг болохоор‬
‪Согтож үзээгүй сэтгэл‬
‪Чиний хайранд хөлчүүрхдэг болохоор‬
‪Сохорч үзээгүй итгэл‬
‪Чиний л алдаа бүрт бүдэчдэг болохоор‬
‪Солиорч явсан омогшил‬
‪Чиний дэргэд нялхардаг болохоор‬
‪Сул тал минь чи шүү дээ...‬
‪Цор ганц минь‬...

Wednesday, March 21, 2018

Надад өгдөг үнсэлт бүр чинь
Нандин тэгээд бас үнэтэй байсан
Хацарт биш сэтгэлд
Уруулд биш зүрхэнд хүрдэг
Тийм их догдлол байсан
Тэвчиж ядах хүсэл байсан
Тэсгэл алдах хайр байсан...
Тэгэхдээ...
Чамд юу байсныг л мэдээгүй...

Чи минь атганд багтмаар жижигхээн байсан бол
Аяа мөн сайхан аа...
Халааснаасаа дахин дахин гаргаж ирээд
Харах бүртээ дахин дахин дурлах байлаа, нандин минь...

Tuesday, March 6, 2018

Дурсмааргүй..

Би чамайг дурсмааргүй байна
Дурсах бүрд өөрийгөө өрөвдөөд
Дурсамж бүхэнд би л хайрлаад
Дутуу нь зөвхөн чиний хайр байгаад
Дундуурхан сэтгэлийг дүүрэн гэж өөрөө л итгээд
Дурлал хайран дээр биш дүүрэн тэвчээр дээр л
Дөнгөн данган дэнжгэнэж хоёул явснаа ухаараад
Дэр чийгтэй үдшүүд
Дэнгийн гэрэлд ганцаар санааширсан шөнүүд
Давхийтэл сараачсан гомдлын хуудсууд
Дан ганцаар догдолсон дурсамжийн мөрүүд
Дутуу ч үгүй бүх гомдлууд
Дуртай дургүй бүх өдрүүд
Тэр чигээрээ санаанд буугаад
Тэдгээр мэдрэмжүүдийг дахин мэдрүүлээд
Тэгээд л сэтгэл минь эмтрээд
Тэгээд л зүрх минь өнчрөөд
Тэгээд л цээжин дээр тээглээд
Тэгээд л чамайг би дурсмааргүй байна...!

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...