Friday, December 18, 2015

Гэргийн зурвас

Нөхөдтэйгөө наргиж цэнгэхийг чинь хорьсондоо
Нэхэл дагал болоогүй ээ, хонгор минь
Чамдаа л гээд хоолоо хийчихээд, халаан барин
Хаалга манан сууж байгаагаа л сануулах гэсэн юм
Ханилна аа гээд аав ээжийн эрх охин
Ганцхан чамд л амьдралаа даатгаад
Гараас чинь атгаад явсан атлаа
Ганцаараа ханьгүй хөнжилдөө жиндэн
Харуулдан суугааг л мэдүүлэх гэсэн юм.
Аашилж уурлан, аяг нь дэндсэндээ
Айлын бүсгүйтэй хардаагүй ээ, хайрт минь
Амласан амлалт, зүүсэн бөгжөө
Ааль нь дэндсэн зальтханд
Алдчих вий гэж айсандаа л харамлах гэсэн юм
Итгэнэ ээ гэсэн үгнээсээ буцсан юм биш ээ
Эргэн тойронд чинь эргэлдэх бүхнээс
Нэг ч эмэгтэйд нь
Итгэж үл чадахаа л ойлгуулах гэсэн юм.
Хайргүй болоод залхсандаа хэзээ л бол хэзээ
Хэрүүл хайж үг ээрэх гээгүй ээ, хань минь
Хэлж чадахааргүй гомдол, гаргаж чадахааргүй нулимс
Хааяа нэг тохиодог болохоор
Хажууд минь байгаад тэврээсэй гэсэндээ л
Хатуу үгийг хэлэн барин тайвшрах гэсэн юм
Өөдөсхөн жаахан гэргийд тань
Өөрөөс чинь өөр түшиг үгүй гээд
Өр зүрхнийхээ бүхий л гунигийг
Өөртэй чинь хуваалцахыг зөвшөөрөөсэй гэсэн юм.
Насан туршдаа хайрлана гээд эргэлт буцалтгүй шийдсэн
Нартад ганц л байх эхнэр чинь би байна
Надаас өөрийг хайрлахгүй гээд залуу насаар минь гоёсон
Наддаа л ганц нөхөр минь чи байна
Хамаг бүхнээ чамд зориулж, сэтгэлээ бэлэглэх
Ээжийн чинь үргэлжлэл би байна
Халамж хайраар намайг усалж, хамгаалж явах
Аавын минь үргэлжлэл чи байна!

Monday, July 13, 2015

Би араатныг хайрласан

Би араатныг хайрласан...
Хайрлах хүсэлгүй
Харамлах сэтгэлгүй
Хүйтэн цэвдэг
Хүн дүрст араатныг хайрласан.
Хэзээ ч хамаагүй надаас холдож мэднэ
Хэзээ ч учирч байгаагүй мэт одож мэднэ
Гэхдээ хайртай гэж надад хэлнэ
Хамаг зүрх сэтгэлээрээ тэр үгэнд л итгэнэ.
Хэлэх авч мэдрүүлдэггүй
Ирэх авч үлддэггүй
Инээмсэглэлд минь хорогдсон
Итгэлд минь нуугдсан
Энгийн нэг биш
Төгс төгөлдөр араатныг хайрласан.
Гэхдээ...
Түүний хүйтэн урууланд би дулаацдаг
Түүний хүйтэн зүрхэнд инээмсэглэлээ би хуваалцдаг
Түүний хүйтэн тэврэлтэнд бие минь бүлээсдэг
Түүний л гэх хүйтэн бүхэнд би тэр чигээрээ уусдаг.
Яасан их хайраар чамайг хайрлаа вэ
Яалт ч үгүй л харамлаад байх юм
Яаж ч болохгүй сэтгэл юм даа,
Яасан их чамдаа би дасаа вэ
Яалт ч үгүй л хоргoдоод байх юм
Яаж ч дундрахгүй итгэл юм даа.
Араатанд дурласандаа жаргалыг мэдрэх боловч
Тэр жаргал нүднээс минь урсахдаа
Хацрыг минь сийчин зорох болно
Хайрласан зүрхийг минь зүсэж орхино.
Юутай их баяслан бэ
Асар их хайр минь түүнийх,
Юутай их хяслан бэ
Аймаар их хайр минь араатных...
Хайрласаар байна
Хатгаж шаналгаж
Хэзээ мөдхөн хазах байсан ч
Хамаагүй би хайрласаар байх болно!
Араатныг хайрласан хүн миний
Эцсийн шийдвэр энэ байна
Айдас дагуулсан араатан чиний
Эцсийн зоог чинь би байя...

Sunday, July 5, 2015

Хайрлахуйн үгс

Ялдамхан мишээл минь зүрхээр чинь наадаад
Янаг хайрын үгсийг сэтгэлд чинь хадна
Эрхэлж ядсан хонгорхон аалинд уягдаад
Инээвхийлэн наддаа улам хорогдоно.
Зөөлөн уруул чинь зүрх гижигдэхүйд
Зөвхөн чи л дуулж чадах
Тэр дуу би болдог
Дулаахан гар чинь сэтгэл тэмтрэхүйд
Дурлалт чи минь л тоглож чадах
Тэр хөгжим би болдог.
Харц булаасан нүдэнд чинь
Хамаг бүхнээрээ би шингэн уусчихдаг
Хайлан хайлан, харан харан үл ханаад
Хамаг бүхнээрээ чамдаа би дурлачихдаг.
Биендээ хорогдох хос зүрх
Битүүхэн атаархал чимээгүй зөрөх
Намуухан аяз шиг биесдээн эгшиглэн
Яг тэндээ цаг хугацааг зогсоох шиг.
Яая даа, чамайгаа...
Яасан их хайр вэ
Яах вэ, хоёулаа
Ямар сайхан учрал вэ.

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...