Tuesday, November 17, 2026

Үхэхгүй дээ

Нэг л өдөр би асгартал уйлах байх

Нэрийг чинь зүүднээсээ нэхэхдээ

Үнэрийг чинь өөрөөсөө эрэхдээ

Үг ч дуугарахгүй зөрж өнгөрөхдөө

Үхэтлээ биш ч үнэн сэтгэлээсээ уйлах байх..

Өнгөрсөн дурсамж одоогоос зуурахад

Өмөрсөн сэтгэлийг өнгөцхөн хөндөхөд

Үнэхээр бидний зүрх үүрд холдоход

Өрц, цээжээ хөндүүрлэтэл уйлах байх..

Гэхдээ зүгээр дээ, үхэхгүй дээ

Зүрх зөвхөн эрхтэн юм чинь өвдөхгүй дээ..

Зөрөөд л өнгөрч болох байсан хорвоод

Өвдөх л гэж таарсан тавилан юм байлгүй

Хараад л салж болох байсан учралд

Хагацах л гэж дассан сэтгэл юм байлгүй..

Гуниглах л гэж эхлүүлсэн дурлал байсан ч

Уйлах л гэж асгарсан догдлол байсан ч

Үгүйлж санаад тэсгэл алдсан ч

Үхэхгүй дээ, зүгээр дээ..

Sunday, October 11, 2026

Чи хэзээ ч үлдэхгүй


Чи хэзээ ч надтай үлдэхгүй..

Чийгтэй хүйтэн намрын орой ч

Цас бударсан гэрэлт үдэш ч

Час халуун янагийн болзоонд ч

Чи хэзээ ч надтай үлдэхгүй..

Харамлан харамлан ширтдэг ч чи

Хамаг хүчээрээ тогтоож үл чадна

Санан санан учирдаг ч чи

Хамаг бүхнээрээ сольж үл зүрхэлнэ

Үнэндээ тэгэхийг чинь би ч үл хүснэ ээ..

Харцаа чи бодолд минь эргэлдүүлж

Хүслээ чи энгэрт минь шингээж

Хүний үр чи тэвэрт минь эрхэлсэн ч

Хэзээ ч үлдэхгүй чамаасаа би

Хайр асууж зүрхлэхгүй нь ээ..

Чи хэзээ ч надтай үлдэхгүй

Сэтгэл үймэрч, санаа алдсан ч

Цээж хөндүүрлэн нулимсаа асгасан ч

Чи бидний дунд түмэн эрвээхэй нисэлдсэн ч

Чи надтай хэзээ ч үлдэхгүй ээ..

Wednesday, July 22, 2026








Харц тулсан ч 

Харцаа буруулна

Харах л гэж хүлээж хүлээчхээд

Хармаар байдаг хүслээ нууна..

Хэцүү байдгийг мэдэх үү

Хөтөлмөөр байвч шүргэх ч үгүй зөрөх

Үнсмээр байвч өнгөрөөд явах

Өөр зүгт харах чамайг хараад хоцрох..

Догдлол минь зөвхөн минийх ч

Догдлуулсан нь эхнээсээ чи

Хүлээлт минь хэтэрхий их ч

Итгүүлсэн нь уг нь чи..

Хүсэл чинь минийхээс өөр ч

Харц чинь дэндүү гүн байсан

Худал гэхэд хэтэрхий үнэн байсан

Хайртай гээд хэлсэн ч итгэхээр байсан..

Яг миний мэдэрсэн шиг мэдэрсэн байгаасай

Яг тэр мөчид чиний ч бас цаг зогссон байгаасай

Дэлхийг тойроход ч бэлэн догдолсон байгаасай

Тийм биш бол эхнээсээ тэр бүгд зүүд байгаасай..

Үхэхгүй дээ

Нэг л өдөр би асгартал уйлах байх Нэрийг чинь зүүднээсээ нэхэхдээ Үнэрийг чинь өөрөөсөө эрэхдээ Үг ч дуугарахгүй зөрж өнгөрөхдөө Үхэтлээ биш...