Thursday, June 22, 2017

Хувь тавилансаг хүн

... Худал үнэн л орших энэ хорвоод гишгэсэн мөр бүхэн минь минийх биш түүнийх. Худал байсан минь ч түүнээс л болсон, үнэн байсан бол тэр л тийм шийд гаргасан. Тэгээд л би дагасан. Тэр л миний өмнөөс сонголтыг хийж, тэр л миний ч хүслийг харгалзалгүй өөрийн дураар алхаж, өөрийн зоргоор аашилдаг. Учирч, уярч дэвэрсэн, зүүд шиг өдөр хоногуудыг минь тэр уйтгар гунигаар сольж байсан. Зүрхээ өгч, зүг зүг рүү дүүлж явахад минь тэр жигүүрийг минь тасдаж, шаналгаж байсан. Залуу халуун нас аа гэж онгирч явахад минь замыг минь тэр чиглүүлж, заяа төөрөг гээд надад тушаасан. Гэхдээ бас алдаж явахад засаж байсан, алгасах гэж байхад учруулж, унахад түшиж, уруудахад татаж явсаан тэр минь.
Хамаг учир надад биш ээ, түүнд л байгаа юм. Би чамаас урваагүй, бие сэтгэл минь түүнийх болохоор үнэндээ надад сонголт байгаагүй. Угаасаа надад хэзээ ч сонголт байдаггүй. Би чамайг орхисон бол угаасаа л тэгэх ёстой байсан гэсэн үг. Үүрдийнх биш зуурдынх байсан бол угаасаа тийм л учрал байсан гэсэн үг.
Хамгийн гэгээлэг, хамгийн их хүссэн зүйлийг минь тэр  мөрөөдөл болгоод сэтгэлд минь л орхичихсон. Тэгсэн хэрнээ хэзээ ч зүүдэлж байгаагүй, төсөөлж байгаагүй тэр үл анзаарагдах хэрнээ хамгийн дулаахан мэдрэмжийг надад өгсөн. Магадгүй заримыг нь авсныхаа хариуд заримыг нь өгч, өөрөөс нь урвахгүй байх итгэл өгдөг байх хөөрхий.
Алдсан бол түүний л буруу, оносон бол түүний л гавьяа. Хэн нэгнийг орхиж, хэн нэгнийг сонгосон бол бас л түүний л хийсэн хэрэг. Болох ёстой зүйл болдгоороо л болж, болох ёсгүй бол болохгүйгээрээ л үлдэж байгаа. Бие сэтгэл минь минийх биш түүнийх... Би тэр чигээрээ түүнийх... Хувь тавьлангийнх.

Monday, June 19, 2017

Бүдэг бадагхан амьдралд
Бүдчин байн гишгэхийн
Яг хаана нь утга учир байна вэ
Яг тэнд нэг очих юм сан...
Заримдаа нулимсаар дэр хийж
Заримдаа харамслаар зүүд хийж
Заримдаа ганцаардлаар хань хийж
Заримдаа хайраар л шалтаг хийж...
Би ч гэсэн хүн юм хойно
Бусдын л адил шархалдаг
Буцалж дэвэрсэн тэр их инээдэн дунд
Байнга үнэн оршдоггүй ээ
Бүгдий нь нирхийтэл нулимчих гэхээр
Бусдын сэтгэлээс чих нь илүү урт юм
Бүхнээ уутлаад мэлмэртэл асгачих гэхээр
Бусдын мөрнөөс ам нь илүү ойр юм
Хэлэх гэхээр дэлсэлдэг
Хэлэхгүй байхаар эмтэрдэг
Хайрлах гэхээр холддог
Холдох гэхээр ойтдог
Хачин энэ хорвоод
Хаана нь яаж би амьдрах юм бэ

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...