Tuesday, April 3, 2018

Чанад тийшээ
Чам руу миний
Зүрх тэмүүлнэ
Зүүд тэмүүлнэ
Сэтгэл тэмүүлнэ
Итгэл тэмүүлнэ
Хүсэл тэмүүлнэ
Мөрөөдөл тэмүүлнэ
Бодол тэмүүлнэ
Бие ч тэмүүлнэ
Би өөрөө л эс тэмүүлнэ!

Monday, April 2, 2018

Нэг л өдөр чамайг бүр мартсан байх вий
Нэрийг чинь хүртэл нэхдэг байсан зүрх
Нэг л мэдэхэд урвасан байх вий
Нэхэл болоод ч эргэхгүй байх вий
Нялхарч уярхаа мартсан байх вий
Нисч дүүлэхээ ч болисон байх вий
Нимгэрч сэмрээд гундсан байх вий
Нээрээ чамаас бүр явсан байх вий..

Сул тал минь чи шүү дээ

‪Сул тал минь чи шүү дээ‬
‪Сөхөрч үзээгүй бардамнал‬
‪Чиний өмнө асгардаг болохоор‬
‪Согтож үзээгүй сэтгэл‬
‪Чиний хайранд хөлчүүрхдэг болохоор‬
‪Сохорч үзээгүй итгэл‬
‪Чиний л алдаа бүрт бүдэчдэг болохоор‬
‪Солиорч явсан омогшил‬
‪Чиний дэргэд нялхардаг болохоор‬
‪Сул тал минь чи шүү дээ...‬
‪Цор ганц минь‬...

Wednesday, March 21, 2018

Надад өгдөг үнсэлт бүр чинь
Нандин тэгээд бас үнэтэй байсан
Хацарт биш сэтгэлд
Уруулд биш зүрхэнд хүрдэг
Тийм их догдлол байсан
Тэвчиж ядах хүсэл байсан
Тэсгэл алдах хайр байсан...
Тэгэхдээ...
Чамд юу байсныг л мэдээгүй...

Чи минь атганд багтмаар жижигхээн байсан бол
Аяа мөн сайхан аа...
Халааснаасаа дахин дахин гаргаж ирээд
Харах бүртээ дахин дахин дурлах байлаа, нандин минь...

Tuesday, March 6, 2018

Дурсмааргүй..

Би чамайг дурсмааргүй байна
Дурсах бүрд өөрийгөө өрөвдөөд
Дурсамж бүхэнд би л хайрлаад
Дутуу нь зөвхөн чиний хайр байгаад
Дундуурхан сэтгэлийг дүүрэн гэж өөрөө л итгээд
Дурлал хайран дээр биш дүүрэн тэвчээр дээр л
Дөнгөн данган дэнжгэнэж хоёул явснаа ухаараад
Дэр чийгтэй үдшүүд
Дэнгийн гэрэлд ганцаар санааширсан шөнүүд
Давхийтэл сараачсан гомдлын хуудсууд
Дан ганцаар догдолсон дурсамжийн мөрүүд
Дутуу ч үгүй бүх гомдлууд
Дуртай дургүй бүх өдрүүд
Тэр чигээрээ санаанд буугаад
Тэдгээр мэдрэмжүүдийг дахин мэдрүүлээд
Тэгээд л сэтгэл минь эмтрээд
Тэгээд л зүрх минь өнчрөөд
Тэгээд л цээжин дээр тээглээд
Тэгээд л чамайг би дурсмааргүй байна...!

Thursday, June 22, 2017

Хувь тавилансаг хүн

... Худал үнэн л орших энэ хорвоод гишгэсэн мөр бүхэн минь минийх биш түүнийх. Худал байсан минь ч түүнээс л болсон, үнэн байсан бол тэр л тийм шийд гаргасан. Тэгээд л би дагасан. Тэр л миний өмнөөс сонголтыг хийж, тэр л миний ч хүслийг харгалзалгүй өөрийн дураар алхаж, өөрийн зоргоор аашилдаг. Учирч, уярч дэвэрсэн, зүүд шиг өдөр хоногуудыг минь тэр уйтгар гунигаар сольж байсан. Зүрхээ өгч, зүг зүг рүү дүүлж явахад минь тэр жигүүрийг минь тасдаж, шаналгаж байсан. Залуу халуун нас аа гэж онгирч явахад минь замыг минь тэр чиглүүлж, заяа төөрөг гээд надад тушаасан. Гэхдээ бас алдаж явахад засаж байсан, алгасах гэж байхад учруулж, унахад түшиж, уруудахад татаж явсаан тэр минь.
Хамаг учир надад биш ээ, түүнд л байгаа юм. Би чамаас урваагүй, бие сэтгэл минь түүнийх болохоор үнэндээ надад сонголт байгаагүй. Угаасаа надад хэзээ ч сонголт байдаггүй. Би чамайг орхисон бол угаасаа л тэгэх ёстой байсан гэсэн үг. Үүрдийнх биш зуурдынх байсан бол угаасаа тийм л учрал байсан гэсэн үг.
Хамгийн гэгээлэг, хамгийн их хүссэн зүйлийг минь тэр  мөрөөдөл болгоод сэтгэлд минь л орхичихсон. Тэгсэн хэрнээ хэзээ ч зүүдэлж байгаагүй, төсөөлж байгаагүй тэр үл анзаарагдах хэрнээ хамгийн дулаахан мэдрэмжийг надад өгсөн. Магадгүй заримыг нь авсныхаа хариуд заримыг нь өгч, өөрөөс нь урвахгүй байх итгэл өгдөг байх хөөрхий.
Алдсан бол түүний л буруу, оносон бол түүний л гавьяа. Хэн нэгнийг орхиж, хэн нэгнийг сонгосон бол бас л түүний л хийсэн хэрэг. Болох ёстой зүйл болдгоороо л болж, болох ёсгүй бол болохгүйгээрээ л үлдэж байгаа. Бие сэтгэл минь минийх биш түүнийх... Би тэр чигээрээ түүнийх... Хувь тавьлангийнх.

Харц тулсан ч  Харцаа буруулна Харах л гэж хүлээж хүлээчхээд Хармаар байдаг хүслээ нууна.. Хэцүү байдгийг мэдэх үү Хөтөлмөөр байвч шүргэх ч ...