Monday, July 13, 2015

Би араатныг хайрласан

Би араатныг хайрласан...
Хайрлах хүсэлгүй
Харамлах сэтгэлгүй
Хүйтэн цэвдэг
Хүн дүрст араатныг хайрласан.
Хэзээ ч хамаагүй надаас холдож мэднэ
Хэзээ ч учирч байгаагүй мэт одож мэднэ
Гэхдээ хайртай гэж надад хэлнэ
Хамаг зүрх сэтгэлээрээ тэр үгэнд л итгэнэ.
Хэлэх авч мэдрүүлдэггүй
Ирэх авч үлддэггүй
Инээмсэглэлд минь хорогдсон
Итгэлд минь нуугдсан
Энгийн нэг биш
Төгс төгөлдөр араатныг хайрласан.
Гэхдээ...
Түүний хүйтэн урууланд би дулаацдаг
Түүний хүйтэн зүрхэнд инээмсэглэлээ би хуваалцдаг
Түүний хүйтэн тэврэлтэнд бие минь бүлээсдэг
Түүний л гэх хүйтэн бүхэнд би тэр чигээрээ уусдаг.
Яасан их хайраар чамайг хайрлаа вэ
Яалт ч үгүй л харамлаад байх юм
Яаж ч болохгүй сэтгэл юм даа,
Яасан их чамдаа би дасаа вэ
Яалт ч үгүй л хоргoдоод байх юм
Яаж ч дундрахгүй итгэл юм даа.
Араатанд дурласандаа жаргалыг мэдрэх боловч
Тэр жаргал нүднээс минь урсахдаа
Хацрыг минь сийчин зорох болно
Хайрласан зүрхийг минь зүсэж орхино.
Юутай их баяслан бэ
Асар их хайр минь түүнийх,
Юутай их хяслан бэ
Аймаар их хайр минь араатных...
Хайрласаар байна
Хатгаж шаналгаж
Хэзээ мөдхөн хазах байсан ч
Хамаагүй би хайрласаар байх болно!
Араатныг хайрласан хүн миний
Эцсийн шийдвэр энэ байна
Айдас дагуулсан араатан чиний
Эцсийн зоог чинь би байя...

Sunday, July 5, 2015

Хайрлахуйн үгс

Ялдамхан мишээл минь зүрхээр чинь наадаад
Янаг хайрын үгсийг сэтгэлд чинь хадна
Эрхэлж ядсан хонгорхон аалинд уягдаад
Инээвхийлэн наддаа улам хорогдоно.
Зөөлөн уруул чинь зүрх гижигдэхүйд
Зөвхөн чи л дуулж чадах
Тэр дуу би болдог
Дулаахан гар чинь сэтгэл тэмтрэхүйд
Дурлалт чи минь л тоглож чадах
Тэр хөгжим би болдог.
Харц булаасан нүдэнд чинь
Хамаг бүхнээрээ би шингэн уусчихдаг
Хайлан хайлан, харан харан үл ханаад
Хамаг бүхнээрээ чамдаа би дурлачихдаг.
Биендээ хорогдох хос зүрх
Битүүхэн атаархал чимээгүй зөрөх
Намуухан аяз шиг биесдээн эгшиглэн
Яг тэндээ цаг хугацааг зогсоох шиг.
Яая даа, чамайгаа...
Яасан их хайр вэ
Яах вэ, хоёулаа
Ямар сайхан учрал вэ.

Thursday, August 14, 2014

(no name) ***

Гэнэт гарч ирж
Гэгэлзүүлж
Эргэлзүүлж
Бараг дурлуулж
Бантан хутгуулж
Бүрэн урвуулж
Бүр хайлуулж
Баахан догдлуулж
Наахан төөрүүлж
Ноолон эрхлүүлж
Хоосон тэвдүүлж
Халуун тэврүүлж
Холдон одож
Хөнгөн бодож
Олон алдаж
Огт халдаж
Сэтгэл галдаж
Сэрүү авч
Ойрхон алдарч
Оргүй замхарч...

(танихгүй танил, дурлаагүй дурлалтад)

Thursday, August 7, 2014

Мэдрүүлээгүй хоосонг мэдэрсэнд уучил

Бие сэтгэл минь тэр чигээрээ хоосон
Бүр бүгд хоосон...
Инээмсэглэх царайны цаана ч
Ихэмсэг төрхийн ард ч
Догдлох дурлалын сэтгэлд ч
Дорхноо баярлах хөөрөлд ч
Гагцхүү хоосон л байгаад байна
Гарнаас минь атгачихаад холдохгүй байна
Гав дөнгө мэт салахгүй байна
Гарцаагүй тэр л мэдрэмж
Бүхэл биеэр минь мэдрэгдээд байна
Бүрмөсөн намайг эзэмдээд байна.
Хонгор аалинд минь
Халуун хайранд минь
Хөнгөн инээдэнд минь
Хөврөх амьдралд минь
Хоосон л ноёрхож
Хамаг сайхан бүхнийг минь
Ховх сорох шиг болоход
Би гунигламаар
Бүр уйлмаар...
Ийм мэдрэмж төрөх бүрд
Эргэн тойрныхноосоо уучлалт гуймаар...

Friday, June 27, 2014

Нээх сайхан болзох юм сан

Нээх сайхан болзох юм сан...
Өглөө эртлэн босоод
Үд хүртэл толь эргүүлэн
Үсээ янз янзаар самнаж
Өмсөх хувцсаа сонгох гэж
Өрөөгөөрөө дүүрэн дэлгэчихээд
Өмсөх хувцасгүйгээ гайхаж
Өөр хэн нэгэнд биш
Өөртөө л таалагдах гэж
Өдрийн талыг бараад л...
Нээх сайхан болзох юм сан
Уруулаа харц булаам
Ялдамхан өнгөлөөд
Ув улаан биш ягаахан болгоод
Нүд алдам будалт биш
Нүдэнд дулаахан байхаар
Нүцгэн шахуу хүүхэн биш
Нүл эгдүүрсэн охин байхаар...
Бодлууд түмээрээ эргэлдэж
Болзооны эзэнд л таалагдах гэж
Биеэн бэлтгээд...
Зүрхэндээ жижигхээн догдлолтой
Зөрсөн бүхэнд нууцхан мишээлтэй
Зүгээр л энгийн хэрнээ
Зөвхөн надад төгс байхаар
Нээх сайхан болзох юм сан...

Sunday, February 9, 2014

Цагаа олоогүй хайр

Нэгхэн жил...
Нэгхээн жилийн өмнө...
Нэрийг чинь л мэдэх төдий байсан
Нэг л мэдэхэд харин
Нэвт уншиж ч чадахаар болчихож
Нэлээдгүй дурсамжийг бий болгочихож.
Найз минь, санаж байна уу?
Надтай анх учирсанаа
Нандин бас нууцхан ертөнц
Намайг л гэдэг тэр сэтгэл...
Авч өгсөн амттан бүхний чинь
Амтыг нь мэддэггүй байж
Одоо харин яг адилыг амсавч
Огт өөр байна
Харцандаа шингээж сэтгэлдээ хадгалсан
Хайрыг чинь анзаардаггүй байж
Одоо бас л хаанаас чинь ч хайгаад
Олохгүй байна.
Хайрт минь, санаж байна уу?
Хамт байсан хэдхэн хормыг
Хайнга боосон үс, даарсан гар
Халааснаасаа гаргасан нялуун шоколад
Харан харан, хорогдон хорогдон
Харамлан байж явуулсан тэр үдэш...
Хоёр тийшээ салан алхсан боловч
Хорвоо дахиад биднийг учруулсан
Хувь тавиланд би итгэсэн
Хувирашгүй хайрыг би мэдэрсэн
Гэхдээ
Төрж үхэхээс бусад нь хэдэнтээ хувирдэг юм билээ
Төөрч холдсон хайр нэгэнтээ хуучирдаг юм билээ.
Тас харанхуйд ганцаараа
Чимээ гарсан зүгт гараа сунган
Чамайгаа хайгаад
Там байсан ч хамаагүй
Чинийхээ л байгаа газар луу
Чин сэтгэлээсээ тэмүүлээд...
Би олоогүй ээ!
Намайг гэх хайрыг чинь байтугай
Чамайг, өөрийг чинь ч олоогүй...
Надад бичсэн шүлэгнүүдийг чинь хайрладаг
Нандин гэгч нь дэвтэртээ би буулгадаг
Надаас явсныг чинь бодох бүрдээ уншдаг
Нарт хорвоод тавилангүйдээ харуусдаг.
Хэн хэндээ хайртай ч
Хоёр тийшээ салдаг хүмүүсийг би
Хэзээ ч ойлгодоггүй байсан
Хэн хэнээ хайрласан ч
Цугтаа биш ээ, тусдаа алхах
Цагаа олоогүй хайр байсан.

Sunday, October 13, 2013

Хосууддаа


Уучлаарай, хосууд минь
Урмыг чинь хугалж мэдэх үгсийг би хэлье
Уурлаж цухалдалгүй
Ухаалгаар нэг бодохыг хүсье!
Үүрд хамтдаа гэж бүү бод
Үхэл хэзээ ч хамаагүй та хоёрыг салгана
Эргэж хэзээ ч харахгүйгээр биесээсээ хагацна
Эмтэрч шархалсан өрөөсөн зүрх л энд үлдэнэ
Тэр үед чи бүхнийг бодно
Хайрыгаа гомдоод уйлахад нь аргадаад тэвэрлүү
Хацраар урсах нулимсы нь аргадаад үнслүү
Хөлөө чилтэл чамайг хүлээхэд нь уучлаарай гэж хэллүү
Хөнгөн инээдээр далдалсан гунигий нь анзаарч нэг мэдлүү
Чамтай л байхдаа чин сэтгэлээсээ инээдгий нь мэдэрлүү
Чамаас сайханд нь дурлалгүй чамайг л гэсэнд нь талархлуу
Хүйтэн өдөр байсан ч сэтгэлий нь дулаан байлгалуу
Хөгжилтэй, гунигтай бүхий л үед хамт байж чадлуу
Хажууд нь байхдаа хайртайгаа хэлэхээс өөрийг хийгээгүй байж
Хагацал ирж зовсны дараа л бүхнийг ухаарах гэж үү дээ
Хайр чинь үүрд байж болох ч
Хүн гэдэг чинь мөнх биш шүү дээ.

Харц тулсан ч  Харцаа буруулна Харах л гэж хүлээж хүлээчхээд Хармаар байдаг хүслээ нууна.. Хэцүү байдгийг мэдэх үү Хөтөлмөөр байвч шүргэх ч ...