Saturday, July 6, 2013

НуЛиМс (TeArS)

       
           Нулимс гэж юу вэ гээд надаас асуувал би “СЭТГЭЛ” гэж ганцхан үг хэлнэ. Амьдралд дэндүү олон сайн муу тохиодог, түүнийг бүх хүн амсдаг. Сэтгэл гэдэг эмзэгхэн хэсэгтээ багтааж ядсан мэдрэмжүүдээ нулимсаараа гаргадаг нь хүмүүний араншин байх.  Тийм ч болохоор хүний сэтгэлийн дээд илэрхийлэл нулимс мэт.  Гэхдээ хэзээ тэр урсаж, хацрыг минь чийглэдэг билээ... Зүрх шимширмээр өрөвдөлтэй түүх кинон дээрээс хараад өөрт минь тохиосон юм шиг дотор минь ямар нэг эмзэгхэн зүйл мэдрэгдэх тэр агшинд уу? Орчлонтой дөнгөж мэндэлсэн бяцхан үрийнхээ чарлахыг сонсох тэр мөчид үү? Энэ амьдралд минь өөрөөс минь ч илүү үнэ цэнээр үнэлэгдэх хайртай хүн минь зүгий нь мэдэхгүй зам руу явж, хорвоо мөнх бус гэдгийг харуулах үед үү?
Дотор байгаа хэцүү бүхнээ тэсч ядан байхад нүднээс урсах тэр зүйл л өөртэйгөө хамт зовлон шаналалыг бага ч болов гаргаж, хар бараанд цөхөрсөн сэтгэлд бүдэгхэн гэрэл тусгах мэт, тийм нандин мэдрэмжийг төрүүлдэг нь дэндүү гайхалтай. Заримдаа сэтгэл дэх их хайраа ч нулимс болгон гаргадаг. Өөдөөс нь хараад хэлж зүрхлээгүй тэр халуун дулаан хайрын үгсийг хэсэгхэн хормын төдийд нүднээсээ урсган илэрхийлнэ. Баяр жаргалын дээд цэгийг мэдрэн, омогшиж бардамнах бөөн их хөөрлийг ч бас ховорхон урсгах нь байдаг.. Хааяадаа бас санаатай, санаагүй бодлогогүй үйлдэлд тунин гомдож нэг мэлмэрүүлнэ. Ингээд бодохоор “нулимс” хэмээх шорвогдуу бүлээн зүйл заримдаа хүйтнээр урсаж, зүрх зүсдэг, заримдаа хүний сэтгэлийн илэрлийг харуулж, дулаанаар мэдрэгддэг нь заримдаа чухам юу юм бол гэх бодлыг бүр ч төөрөгдүүлнэ. Ганцхан л тодорхой зүйл бол тэр “Үнэ цэнэтэй”. Учир нь зөрөөд  өнгөрөх танихгүй бүсгүйн төлөө урсдаггүй, зүгээр нэг байж байхад гарчихдаггүй, хэзээ ч өмнө нь муугаа үзүүлж болохгүй атаат дайсны нүдэн дээр бол бүр ч үгүй. Зүрх сэтгэлд минь багтах нандин зүйлсээс л шалтгаалдаг болохоор... Хүний хэлж чадаагүй үгс бол нулимс. Унагасан нулимс бүрийн цаана нууцлагдсан бас нэгэн нууц оршино.

Хацар дээгүүр урсах нулимсаас гадна сэтгэлээр дотогшоогоо урсдаг нулимс бас байдаг. Нэгэн хаан боол болсон охин, цаазлуулахаар яваа хүүгээ хараад дусал ч нулимс гаргаагүй хэрнээ олзлогдсон албатуудаа хараад уйлсан гэдэг. Албатуудаа хараад уйлсан учрыг сонсвоос энэ бол нулимс болон гарахуйц харуусал байсан, харин хүү охин хоёроо хараад мэдэрсэн тэр их уй гашууг яаж гадагш гаргахаа мэдэхгүй байсан гэдэг. Хэцүү хэцүү гэхэд дэндүү хэцүү сэтгэлийн зовлон дотроос шаналган тарчлаах тийм л үед нулимс гадагшаа ч үл гарч чадан, дотогшоо урсдаг юм болов уу. Магадгүй сэтгэл зүрхээр нулимс урсахад хацар хайрахаас илүү ихээр дааруулдаг байх. Тийм ч болохоор илүү үнэтэй...
Сэтгэл хөдлөлөө нулимсаар илэрхийлдэг цор ганц амьтан бол хүн гэдэг. Хүний амьдрал дардан байдаггүй, тэгэхээр түүнийг хааяа ч болов мартуулаг гэж нулимс байдаг юм болов уу. Эсвэл баяр, гунигийн алийг ч үгээрээ биш сэтгэлээрээ гарга гэж, хэцүү зүйл тохиовол хүссэнээрээ уйлж тайвшраг гэж, хэн нэгэнд гомдвол хамтад нь урсгаад мартаг гэж, хайртай бүхнийхээ төлөө хааяа нэг уйлаг гэж хатуу зөөлөн хослон, жаргал зовлон ээлжлэх энэ орчлонд “нулимс” гэгч байдаг юм болов уу...

No comments:

Post a Comment

Утга төгөлдөр ч үгүй Уянга халил ч байхгүй Уйтгарт бодлуудаа сүлждэг Улиг болсон хайр л бичдэг Ядмагхан хэдхэн үгстэй Ядарсан муу шүлэгч дээ...